2026 оны наймдугаар сарын 18
ЕБС-ийн 130 багш хиймэл оюун ухаанд суралцаж, түгээх "AI Native School" хөтөлбөр эхэллээ

Мобиком групп AI Academy Asia-тай хамтран "AI Native School" хөтөлбөрийг өнөөдөр (2026.08.18) эхлүүллээ.
"AI Native School" нь хиймэл оюуныг боловсролын орчинд зөв, үр дүнтэй нэвтрүүлэх загвар сургуулийг бий болгох, хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын багш нарт хиймэл оюун ухааны мэдлэгийг эхнээс нь заана. Хүүхдүүд хиймэл оюун ухааныг ойлгож, зөв зохистой ашиглаж сурахад багш гол чиглүүлэгч болох ёстой учир хөтөлбөрийг багш нараас эхлүүлж байгаа юм.
Хөтөлбөрийг Засгийн газар, Боловсролын яамны бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Боловсролын яам энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Боловсролын салбар хиймэл оюун ухааны эрин үед хэрхэн хөгжих жишиг сургуулиудыг бүтээх ажлын эхлэл болж байна
Хөтөлбөрийн нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцов. Тэрбээр:
"Технологийн хөгжил дэлхий дахинд боловсролын арга барил, суралцах орчныг хурдацтай өөрчилж байна. Иймд багш, сурагчид шинэ технологийг зөв, үр дүнтэй ашиглаж, мэдлэг ур чадвартай болж дэлхийн боловсролын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй боллоо. Мобиком групп олон жилийн турш боловсролын салбарт технологийн хөрөнгө оруулалт хийж, хүүхэд залуусыг суралцах, хөгжих боломжийг нэмэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. AI Native School нь багш, сурагчдыг хиймэл оюун ухааны эрин үед шаардлагатай мэдлэг, ур чадвараар бэлтгэхэд чиглэсэн цаг үеэ олсон төсөл юм. Төсөл дөрвөн сургуулийн хүрээнд хэрэгжиж байгаа ч Монголын боловсролын салбар хиймэл оюун ухааны эрин үед хэрхэн хөгжих жишиг сургуулиудыг бүтээх ажлын эхлэл гэж харж байна"
Багш нар хиймэл оюун ухааныг ашиглан сургалтын чанараа ахиулах, ажлын бүтээмжээ нэмэх, сурагч бүрийн хөгжлийг илүү үр дүнтэй дэмжих бодит ажил болно гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын сайд хэллээ. Мөн сурагчид хиймэл оюун ухааны зүгээр нэг хэрэглэгч бус, бүтээлчээр ашиглаж асуудлыг шийддэг шинэ үеийн иргэн болох боломжтой гэдгийг онцлов.

Сургуулийн туршлага, үр дүнд үндэслэн "Smart Education" төсөл хэрэгжсэн бусад сургуулиудад үе шаттай хүргэхээр зорьж байна
Хөтөлбөрийн санаачлагч, санхүүжүүлэгч Мобиком групп "Хүүхэд бүрд тэгш боломж" уриан дор 2021 оноос "Smart Education" төслөө эхлүүлсэн. Энэ жил дахин 11 дижитал ангийг иж бүрэн тохижуулснаар төсөл орон даяар нийт 30 дижитал ангитай болж, 21 аймаг, 9 дүүргийн 60 мянга гаруй сурагч, 3000 гаруй багшид хүрэхээр ажиллаж байна.
Мобиком Корпорацийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг:
"Smart Education төсөл хэрэгжсэн 19 сургуулиас 11 сургууль энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн. Бид энэ онд дөрвөн сургуулиас эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй дөрвөн сургуулийн 130 гаруй багш, удирдах ажилтан хиймэл оюуны үндсэн ойлголтоос эхлээд өдөр тутмын ажил, сургалтдаа ашиглах практик ур чадварыг эзэмшинэ. Цаашлаад өөрсдийн хэрэгцээнд нийцсэн вебсайт, аппликэйшн зэрэг бодит шийдлийг бие даан хөгжүүлж сурна. Сургалт нийт есөн долоо хоног үргэлжилнэ.
AI Native School бол Smart Education төслийн маань үргэлжлэл, дараагийн алхам. Бид Smart Education төслөөр технологийн боломжийг хүүхэд, сургуульд илүү ойртуулсан. Харин энэхүү хөтөлбөрөөр тухайн боломжийг мэдлэг, ур чадвар, бодит хэрэглээ болгохыг зорьж байна. Бидний төсөөлж буй AI Native School гэдэг нь хүүхэд бүр AI ашигладаг сургууль биш. Харин багш, сурагчид нь хиймэл оюуныг юунд, хэзээ, хэрхэн зөв ашиглахаа мэддэг сургууль байх юм" гэлээ.
Монгол залуус дэлхийд хиймэл оюун ухаанаар технологийн салбарт өрсөлдөх боломжийг бий болгохоор зорин ажиллаж байна
Хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр AI Academy Asia ажиллаж байна. Тус байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ нээлтийн үеэр сэтгэгдлээ илэрхийллээ.
"Бидний өдөр тутмын амьдралд хүссэн хүсээгүй хиймэл оюун ухаан оролцож байгаа тул өөрчлөх боломжгүй болсон. Иймд бид хиймэл оюун ухааныг ухаалгаар, зөв, ёс зүйтэй, бүтээлчээр хэрэглэж хэвших хэрэгтэй. Хүмүүс 'өмнө нь интернет байхгүй яаж амьдардаг байсан юм бол' гэж ярьдаг. Тэгвэл бид удахгүй хиймэл оюун ухаангүй яаж амьдардаг байсан талаар бодож эхэлнэ. AI Academy Asia байгууллага нь үндэсний хэмжээнд багш нарт хиймэл оюуны мэдлэг, ур чадвар олгох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, багш, сурагчид бүтээлчээр хэрэглэж сурах шаардлага байна. Монгол залуус дэлхийд хиймэл оюун ухаанаар технологийн салбарт өрсөлдөх боломжийг бий болгохоор зорин ажиллаж байна. Бидний сурах зүйлс амар байхгүй ч багш нар маань сурагчдадаа түгээх учир хариуцлагатай хандахыг хүсэж байна" гэв.

Сургалтын явцад олж авсан мэдлэгээ багшийн өдөр тутмын ажилтай холбон хэрэгжүүлж эхэлсэн

Хөтөлбөрт шалгарсан багш нарт хандан багш нарын төлөөлөл туршлагаа хуваалцлаа.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн математик, мэдээллийн технологийн багш У.Даваа-Очир, Н.Бадамцэцэг нар:
"Бид Үндэсний хиймэл оюуны аяныг 2026 онд төгссөн. Хиймэл оюун ухааны боловсролыг өөрсдийн сургуульд зааж туршлага хуримтлуулсан. 6-12 дугаар ангийн 369 сурагчид дөрвөн сарын хугацаанд хиймэл оюун ухааны мэдлэгийг олгосон. Сурагчдад гарааны, явцын, барианы үнэлгээ өгч, сэдэв тус бүрд бие даалт өгдөг байсан. Сургалтын эхэн үед сурагчид ChatGPT, Copilot зэргийг хэрхэн ажилладагийг мэдэлгүй ашиглаж байсан. Хиймэл оюун ухааны хичээлийг үзсэнээр хүүхдүүд хиймэл оюуныг анхан шатнаас ойлгож, хэрхэн ажилладаг, өгөгдлийн үнэ цэн, машин сургалтын талаар суралцсан. Сургуулийн бусад багш нар ч хиймэл оюуны хичээлд хамрагдсан. Бид мозайк платформын хиймэл оюуныг ашиглан хичээлээ бэлтгэх, Gemini-ийн gem tool ашиглан шалгалтын материалаа бэлтгэдэг болсон" гэсэн юм.
Нийслэлийн Бага Тэнгэр олон улсын сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Ганболд:
"2026 онд Үндэсний хиймэл оюуны аянд хамрагдаж системтэйгээр суралцан практикт ашиглах боломжуудтай танилцсан. Сургалтын явцад олж авсан мэдлэгээ багшийн өдөр тутмын ажилтай холбон хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд Үндэсний хиймэл оюуны аянд хамрагдсан багш нар нийлж бодит зүйл хийхээр болсон. Манай баг нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй. Багш нар маань өөрсдийн салбар салбарын ажлаа аваад Бишгүүр.mn гэх сайтыг хөгжүүлж эхэлсэн. Монгол хүүхдийн хамгийн анх тоглож сурдаг хөгжим бишгүүр байдаг. Тиймээс гэртээ хариад бие даан суралцах боломжийг хангасан сайтыг хөгжүүлэхээр болсон. Сайт маань асар бага өртгөөр бий болсон бөгөөд хиймэл оюуныг ашиглан хөгжүүлсэн онцлогтой" гэлээ.
Хөтөлбөрт шалгарсан дөрвөн сургуулийн 130 гаруй багш хиймэл оюун ухааны 27 хичээлийг үзэж, суралцсан мэдлэгээ сурагчидтайгаа хуваалцах юм.