2026 оны наймдугаар сарын 18
AI Native School: Мобиком групп ЕБС-ийн дөрвөн сургуулийг хиймэл оюунд суурилсан жишиг сургууль болгоно

Улаанбаатар. Мобиком группийн санаачилга, санхүүжилтээр AI Academy Asia-тай хамтран хэрэгжүүлж буй "AI Native School" цогц хөтөлбөрийн цахим нээлт 2026 оны 8-р сарын 18-ны өдөр боллоо.
Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийг хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн жишиг сургууль болгон хөгжүүлэхэд оршиж байна. Энэ нь Мобиком группийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй ээлжит хөтөлбөр юм.
Дөрвөн үндсэн чиглэл
Хөтөлбөр дараах чиглэлээр хэрэгжинэ:
- Багш, удирдлагыг чадавхжуулах. Хиймэл оюуны цогц сургалтад хамруулж, өдөр тутмын ажилдаа AI ашиглах ур чадвар эзэмшүүлнэ.
- Сургуульд нэвтрүүлэх. Сургууль бүр AI нэвтрүүлэх стратеги, төлөвлөгөөгөө боловсруулж, бодитоор хэрэгжүүлнэ.
- Төсөлт ажил. Сургууль бүр хиймэл оюунд суурилсан системийг өөрсдөө хөгжүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
- Сурагчдад сургалт орох. Бэлтгэгдсэн сургагч багш нар сурагчиддаа хиймэл оюун ухааны хичээл заана.
Боловсролын сайд дэмжлэгээ илэрхийлэв
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, хөтөлбөрийг бүрэн дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Тэрээр "AI Native" жишиг сургуулийг бүтээх ажил амжилттай хэрэгжвэл уг туршлагыг бусад ерөнхий боловсролын сургуулиудад дэлгэрүүлэн нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.


Туршлага хуваалцсан нь
Арга хэмжээний үеэр "Үндэсний Хиймэл Оюуны Аян" хөтөлбөрийн төгсөгчид туршлагаа танилцуулав. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн багш нар болох У.Даваа-Очир, Н.Бадамцэцэг нар сургуулийнхаа 367 сурагчид хиймэл оюуны хичээл заасан 2025 оны туршлагаа хуваалцлаа. Мөн 2026 оны төгсөгч, Бага Тэнгэр олон улсын сургуулийн багш Б.Ганболд төслийн багаа төлөөлөн өөрсдийн хөгжүүлсэн www.bishguur.mn веб системээ танилцуулав.
Хөтөлбөрт хамрагдах сургуулиуд
- Увс аймгийн Улаангом 3-р сургууль
- Төв аймгийн Борнуур сумын сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 57-р сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургууль
Дээрх сургуулиудын багш, хамт олонд хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн жишиг сургууль болох их аялалд нь амжилт хүсье. Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Мобиком группийн хамт олонд талархал илэрхийлье.